Wednesday, November 14, 2012

Чингис хааны сургааль үгс

Өндөр уулын хөтөл зорь
Өргөн далайн олом зорь
Хол хэмээн бүү цөх, явбаас хүрьюү
Хүнд хэмээнэ бүү цөх, өргөвөөс даагдьюу

Бие бөх бөгөөс ганцыг ялъюу
Сэтгэл бөх бөгөөс олныг ялъюу
Зуун үйл бүтээвээс үйлийн охь
Үнэн үгэнд хүрсэн хүний сэтгэл бөх”

Давшгүй даваа бий гэнэм
Хэрхэн давах хэмээн бүү сэтгэ.
Давъя хэмээн сэтгэвээс давагдъюу
Гэтлэшгүй мөрөн бий гэнэм
Хэрхэн гэтлэх хэмээн бүү сэтгэ
Гэтэлье хэмээвээс гэтэлъюу

Энэ бие хэврэг боловч эрхэм нэр мөнх шүү.
Өчүүхэнийг басваас өргөс болно.
Үсийг томвоос дээс болно.

Буга гөрөөсийг битгий угт, буруулсан дайсныг бүү нэх.
Самуун улсыг цэргийн хүчээр тэгшитгэх, энх төр дор бичгийн ухаанаар засах.
Үлэмж хүчээ өгсөн хүмүүнийг илүү эс хайрлаваас хожим хүчээ өгөгчдөд хясамж болно.

Алтны дэргэд аваас шар нь халдмой.
Аргалын бөгөөд дэргэд аваас үнэр нь халдмой.
Хэн өөрийн гэрийн аж байдлыг сайн зохиож чадвал тэр харьяат улсаа захирч чадна.

Алд бие минь алжааваас алжаатугай
Ахуй төр минь бүү алдартугай

Олон улсыг баръя гэвэл биеийг нь хураахаас сэтгэлийг нь хураахтун.
Сэтгэлийг нь хурааваас бие нь хаа одох вэ?

Хоёр наран гарваас худгийн ус ширгэ юу
Хоёр хаан сууваас хамаг улс барагдъюу

Шадарлан явж хүчээ өгсөн бол сарьсан дээлтэд ч суудал өгч ноён босго.
Төр ёсны олсыг цэцдээс асууж сурагтун.
Ханьсан нийлэн явахад хашин бяруу мэт ханилан яв
Харьтан дайсан лугаа харвалдахад харцага шувуу мэт яв.
Эвийн хаан засаг залваас түмэнд өлзийтэй.

Бие баатар болбоос нэгэн үеийн баатар
Билэг баатар болбоос түмэн үеийн баатар.
Биеийн бөхөөр нэгийг ялъюу
Сэтгэлийн бөхөөр олныг ялъюу

Саруул ухаанаас илүү сайн нөхөр байдаггүй.
Үгэнд ижилдвэл цэцэн болох
Илдэнд ижилдвэл баатар болох.

Саруул ухаанаас илүү сайхан нөхөр гэж үгүй
Мунхаг хэл амаас илүү дайсан үгүй
Ариун явдлаас илүү амьд өлзийтэй зүйл гэж үгүй

Нойр гэгч биеийг тэжээх бөгөөтлөө унтаж хэтэрвэл өвчин болно.
Жаргал гэгч хүний эрэлт бөгөөтлөө жаргаж хэтэрвэл зовлон ирнэ.. Хорт мууг сайтар засаж
Хотол улсыг хичээн хамгаалагтун

Чийрэг эзэн, чадвартай сайд улсыг байгуулах эрдэнэ.
Чанга цааз, чанартай цэрэг, чигч жонон, чадмаг жанжин чанадсыг дийлэх үндэс.

Хатагтай хүнд гурван эр буй.
Анхны эр нь алтан төр
Дараах эр нь ариун нэр
Түүний дараах эр нь авсан эр мөн болой.

Алтан төрийг хатуужин дагаваас ариун нэр бэлэн болмой.
Ариун нэрийг бэхэлбээс авсан эр ангид үл болмой.

Арга хүчээ их болгоё гэвэл ард цэрэг юүгээ асар.
Уужим сул жаргая гэвэл эе эв юүгээ ямагт хичээ.

Харийн газар арга чадлаа бэхэлж яв
Халуун зуураа эв нэгдлээ хичээж яв.
Эв найрамдлаас илүү
Их хүч энэ дэлхий дээр байхгүй.

Алд бие минь амсхийвээс
Ахуй төр минь алдруузай

Бүтэн бие минь амсхийвээс
Бүрэн улс минь сандруузай

Алд бие минь алжааваас алжаатугай
Ахуй төр минь бүү алдартугай

Бүтэн бие минь зовбоос зовтугай
Бүрэн улс минь бүү сандартугай

Бие хэврэг, билиг мөнх

Эмээл ихэдвээс тохсон моринд зовлон болмой.
Янз ихэдвээс эл улсын дотор зүдүүр болмой
Иймээс хоосон сүр, илүү янз маяг, ёслолын хэрэггүй.
Хэтэрхий их ёслол жирийн ард олонд омог дээрэнгүйг төрүүлэх гэмтэй.
Дээл гоёл ихэдвээс өмссөн хүний биед нь ачаа болохын адил.

No comments:

Post a Comment